Пакистаны хойд хэсгийн уулархаг бүс нутгийн алс гүнд орших цаст хөндийн оршин суугчид өргөнөөр хэрэглэдэг байсан Бадеши хэл устаж үгүй болжээ. Дэлхийн бүх хэлийг жагсаасан угсаатны зүйн мэдээлэлд дурдсанаар уг хэлийг өдгөө мэдэх хүн байхгүй, сүүлийн гурваас дөрвөн үе дамжин тасарсан гэжээ. Гэвч Бишиграм тосгонд Бадеши хэлийг мэддэг гуравхан хүн байдгийг судлаачид олж тогтоосон байна.
“Нэгэн үеийн өмнө Бадеши хэлээр бүхий л тосгоны оршин суугчид ярьдаг байсан. Гэвч бид өөр тосгоноос Торвали хэлээр ярьдаг эмэгтэйчүүдийг авчирч гэрлэдэг болсноос хойш хүүхдүүд ээжийнхээ төрөлх хэлээр ярих болж, манай хэл аажмаар устаж үгүй болсон. Одоо бидний хүүхдүүд бүгдээрээ Торвали хэлээр ярьцгааж байна” хэмээн 70 орчим настай Рахим Гуль өгүүлжээ.
Пашто хэлэнд шахагдаж байсан Торвали хэл нь энэ бүс нутгийн гол хэл болж, өдгөө Бадеши хэлийг устаж үгүй болох гол шалтгаан болсон байна.
Б.Болормаа