Их Британий талд ажиллаж байсан Оросын цэргийн тагнуулын газрын ажилтан асан экс тагнуулч “үл мэдэгдэх бодис”-т хордон, эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Түүнийг ням гарагийн үдээс хойш Лондон хотоос баруун зүгт 145 км зайтай орших Солсбэри хотын худалдааны төвд нэг эмэгтэйтэй хамт ухаангүй хэвтэж байхад нь олсон байна. Ухаангүй хэвтэж байсан уг хүн нь 66 настай Сергей Скрипал гэгч болохыг тогтоосон байна. Сергей Скрипал нь ГРУ гэгддэг Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарсан экс тагнуулч бөгөөд тэрээр 2003 он хүртэл гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад бизнесийн салбарт шилжин ажиллажээ. 2004 онд түүнийг эх орноосоо урвасан хэргээр Москвад баривчилсан бөгөөд тэрээр 1995 онд Их Британий тагнуулын байгууллагад элсэж, Европ дахь Оросын цэргийн тагнуулчдын тухай мэдээлэл өгсний хариуд 100,000 ам доллар авч байснаа хүлээсэн ажээ. Скрипал Оросын шоронд хоригдож байгаад 2010 онд АНУ-Оросын хооронд тагнуулчдaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Их Британид шилжиж ирсэн аж. Өчигдөр гарсан хэрэг явдал Оросын тагнуул асан Александр Литвенког 2006 онд Лондоны нэгэн зочид буудалд цацраг идэвхит бодистой цайгаар хордуулж, амийг нь хөнөөсөн явдалтай төстэй байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэхүү хэргийг Их Британий тусгай алба шалгаж байгаа юм байна.