Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана буюу нууц орчинд үйлдэгдэг. Энэ гэмт хэрэгт хүүхэд болон эмэгтэйчүүд илүү ихээр өртдөг. Тухайлбал, энэ сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Ингээд гэр бүлийн хүчирхийллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа.
Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана явагдаг. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш хэр их бүртгэгдсэн вэ?
-Өнгөрсөн 2017 онд улсын хэмжээнд 32300 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 1286 гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 96 хувь эмэгтэйчүүд байгаа. Харин хохирсон хүүхэд 10 хувь байна. Мөн эрэгтэйчүүд хохирсон 0,8 хувь байгаа. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 126 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 356 зөрчил бүртгэгдсэн. Эдгээр зөрчлийн 90 хувьд баривчлах, есөн хувьд нь торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
-Энэ төрлийн гэмт хэрэг хаана их үйлдэгдэж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл шинжтэй гэмт хэрэг бол хаалттай хаалганы цааны гэрчгүй үйлдэгдэг. Үүнд 86,5 хувь нь орон сууцанд үйлдэгдэж байна гэсэн судалгаа байгаа. Иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн даруйдаа 102, 107 тусгай дугаар залгаж мэдээлэх хэрэгтэй. Энэ нь нэг иргэний амь насыг хамгаалаад зогсохгүй бөгөөд гэр бүлийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Өнгөрсөн 2017 онд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийг 20 орчим хувиар бууруулсан
-Иргэдийн хувьд гэр бүлий хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл дуудлага хэр өгч байна вэ. Хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд ямар шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдээд байна вэ?
-Бүртгэгдэж байгаа хэрэг зөрчлийн материал болон нөхцөл байдлаас харж байхад ихэвчлэн бага насандаа хүчирхийллүүлж байсан этгээд өөрөө том болоод өөрийн хайртай гэр бүлийн хүмүүстээ хүчирхийлэл үйлддэг гэсэн тохиолдол 90 –иад хувь байна. Тэгэхээр аав ээжүүд хүүхдүүдийн хажууд хүчирхийлэл үйлдэхгүй байх хэрэгтэй. Тухайн байдлаас болж хүүхэд том болоод хүчирхийлэгч болдог гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй байна.
-Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өссөн хүүхэд эргээд хүчирхийлэгч болдог гэж байна. Ер нь хүчирхийлэлтэй орчин өсөөд том болсон хойно энэ төрлийн гэмт хэрэг л үйлдэж хэрэгт холбогдсон тохиолдол байна уу?
-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шат дараалсан олон арга хэмжээг авч ажиллаж байгаа. Саяхан гэр бүлийн хүчирхийллийг үйлдэгч нар зориулсан зорилт баримт нэвтрүүлгийг хорих ангиудаар явж хийсэн. Энэ үеэр хорих ангид хоригдож байгаа ялтнуудтай уулзаж, судалгаа, асуумж бөглүүлсэн байгаа. Үүнд ихэвчлэн бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан. Мөн хойд эцэг эхийн дарамтлуулж байсан. Ер нь хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдгийг хэлж байсан. Бага насандаа хүчирхийллүүлж байсан учраас том болоод хүссэн хүсээгүй хүчирхийлэл өөрийнхөн амьдралд байгаад байна гэдгийг уулзсан хүмүүсийн 90 хувь орчим хэлж байсан. Иймээс ээж аавын хоорондын харилцаа мөн хүүхдээ зөв орчинд өсгөх хэрэгтэй. Хүүхдээ том болоод гэр бүлийн хүчирхийлэгч болох уу эсвэл гэр бүлийн хүчирхийлэгчийн хохирогч болох уу гэдгийг эцэг эхчүүд маш их анхаарах хэрэгтэй.
-Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд ямар зориулалтыг дэвшүүлээд ажиллаж байна вэ?
-Энэ онд цагдаагийн байгууллагаас гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Өнгөрсөн 2017 онд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийг 20 орчим хувиар бууруулсан. Улсын хэмжээнд энэ тоог улам сайжруулж, чанаржуулахаар ажиллаж байна.