Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг өргөн бариад байгаа асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймагт ажиллаж байх хугацаандаа мэдэгдэл хийсэн юм.
Тэрээр хэлэхдээ \”Өнөө өглөө замд гарахдаа энэ талаар мэдлээ. Ц.Шаравдорж гуай баахан хэвлэлийн бага хурал хийчихсэн юм шиг байна. Монгол улсын үндсэн хуулиар шийдэгдэх зүйл байтал Ц.Шаравдорж гуайтай уулзах нь битгий хэл утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс түүний хийсэн мэдэгдэл хүчингүй бөгөөд миний нэрийг барьж элдэв мэдэгдэл хийх шаардлагагүй гэж хэлмээр байна. Одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатар болон МАХН-ын дарга Н.Энхбаяр бид гурав их олон янзын хувилбаруудыг ярилцсан. Хоёр хувилбарыг санал болгосны нэг нь Намын даргын албан тушаалаа Шадар сайд болгох, одоогийн шадар сайдыг эрүүл мэндийн сайд болгох, нөгөөх нь Анагаах Ухааны Боловсролын Их Сургуулийн захирал н.Лхагвасүрэнг эрүүл мэндийн салбарын сайдад томилох гэсэн хоёр зүйлийг надад санал болгосон бөгөөд энэ талаар УИХ-д оруулаач гэсэн. Харин би Шадар сайд болон МАХН-ын дарга хоёртой хийсэн уулзалтын төгсгөлд н.Лхагвасүрэн гуайг томилохыг дэмжиж байна гэсэн хариуг хэлсэн. Түүний дараа МАХН-ын дарга нар хуралдаж бүлгийн дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй албан бичиг оруулж ирсэн. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг мэдээж эхлээд судална, хууль эрх зүйн үр дагавар зэргийг тооцно, ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, АТГ-аас магадлал мэдээлэл зэргийг авдаг. Тиймээс ирэх долоо хоногт судлаад Эрүүл мэндийн сайдад зохих нэр дэвшигчийг би өөрөө оруулна” гэсэн мэдэгдэл хийлээ.