Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбоотой хэвлэлийн хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зохион байгууллаа.
Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.
Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж байгаад тайлбар өглөө.