\”Авьяаслаг Монголчууд”-ын шилдэг оролцогч А.Отгонбаяртай ярилцлаа. Түүнийг тус шоуны эхний шатнаас нь л хүмүүс сонирхож эхэлсэн. Мэргэжлийн бус ч гэлээ яг л дуучин шиг байсан түүнийг олон хүн дэмжиж байсан юм. Тэрбээр зарим асуултад хариулахаас татгалзсан ч бидний ярилцлага ийн үргэлжиллээ.
-Юуны өмнө танд шилдэг найман оролцогчийн нэг болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Энэ шоунд оролцох болсон шалтгаан юу байв. Зөвлөсөн хүн бий юу?
-Ийм шоу болохыг найзаасаа сонссон. Би Дархан-Уул аймгийнх л даа. Найз маань \”Манай аймагт энэ шоуг зохион байгуулж байгаа телевизийн баг ирчихсэн бүртгэж байна. Чи үзээд алдаач” гээд урам өгөхөөр нь зориг шулуудсан. Гэхдээ Улаанбаатарт шүүгчийн шатны шалгаруулалтад оролцох болоход замын зардалгүйгээс эхлээд асуудал тулгарсан. Тиймээс би тэр багийнханд явж чадахгүй болсноо хэлэхэд \”Үүнд санаа битгий зов. Бид нар зохицуулна аа” гээд л аваад ирсэн. Хэрэв тэр үед шалгаруулалтад орж чадаагүй байсан бол өдийд энэ олон хүний урам зориг, алга ташилт, магтаал, хайрыг мэдрэхгүй явж байх байсан.
-Шалгаруулалт бүрт гадаад дуу дуулсан. Өмнө нь гадаад дуу дуулдаг байв уу. Эсвэл энэ шоунд оролцохын тулд л сурсан юм уу?
-Дунд сургуульд сурч байхдаа англи хэлний хичээлдээ их сонирхолтой, шимтэн суралцдаг байсан. Англи, оросоор л дуулдаг. Орос хэлний багшаараа орос дуу заалгаж байлаа. Ер нь ихэвчлэн орос дуу дуулдаг. Аль болох өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Опера, поп, кантри жанрын дуунд сонирхолтой.
-Та энэ шоуны ялагчаар тодорч 100 сая төгрөг гардсан бол хамгийн түрүүнд юунд зарцуулах байсан бэ?
-Энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна аа (инээв). Гэхдээ ээжийгээ л баярлуулах байсан даа. Тэгээд мэргэжлийн дуучин болохын тулд СУИС-ийн сургалтын төлбөрт зарцуулна.