Худалдаа хөгжлийн банкны салбараас 424 сая төгрөг дээрэмдээд 24 цагийн дараа нуусан мөнгөө шалгахаар ирэхдээ баригдсан ах, дүүс уг дээрмийг эртнээс төлөвлөсөн бололтой. Учир нь, тэд худалдаж авсан \”Приүс 20” машин болон бууныхаа төлбөрийг хийсэн ч өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байжээ.
Өдгөө тэднийг Эрүүгийн хуулийн 147.3-аар буюу \”Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь шийтгүүлсэн этгээд үйлдсэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан зүйл ангиар шалгаж байгаа гэнэ.
Ах, дүүс цагдаад өгсөн эхний мэдүүлэгтээ ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүр нь дампуурсан тул зээлээ төлж чадахгүйд хүрч ийм үйлдэл хийсэн гэж байжээ. Тэдний хэлснээр бол зээлээ төлөхийн тулд машинаа ломбарданд тавьсан ч алдах дээрээ тулсан учир ийм үйлдэл хийсэн гэсэн байна. Гэвч үнэндээ тэдний дэлгүүр хэвийн ажиллаж байгаа төдийгүй тэд өрөнд ороогүй бололтой. Учир нь, ах дүүс саяхан нэгэн хотхонд гурван өрөө байр авсан гэнэ. Харин ломбарданд тавьсан автомашин нь \”Ланд Круизер 105” байжээ.
Бизнес нь хэвийн яваа, орлоготой залуус хууль бус мөрийтэй тоглоом тоглосноос болж их хэмжээний өрөнд унаад ийм үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn