Цөөхөн монголчууд дундаас цөөнгүй мэргэд тодорчээ. Тэднийгээ бид хэр мэддэг сэн билээ? Төгс буянт зурхайн ёсыг зохиосон гэж нэрийг нь гадарлахтай болсон Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) одон зурхай төдийгүй гүн ухаан, утга зохиол, анагаах ухаанд мэргэшсэн эрдэмтэн байжээ. \”Цэцгийн хэлхээ” хэмээх сургаал шүлгээс нь орчуулж, уншигч таны оюуны таашаалд өргөн барья.
Цастын цагаан оргилыг
Будан бүрхэвч хиртэхгүй.
Угийн хар нүүрсийг
Усаар угаавч цайхгүй.
Уужим ухааны талд
Гэрэл гийх нь хялбар.
Цухал сэтгэлийн жалганд
Сүүдэр буух нь түргэн.
Чанадын их хэрэгт
Мэргэд баясахаас, дордос үгүй.
Тэнгэрийн сүрлэг дуунд
Тогос баясахаас, ууль үгүй.
Саруул ухаантан буянд,
Самуун сэтгэлтэн нүгэлд.
Балт зөгий цэцэгт,
Батгана ялаа баасанд.
Хиймэл шилийг будвал
Чандмань мэт харагдана.
Хэв ёсыг засавч
Уг чанар нь худлаа.
Хий салхинд тоос хөдлөхөөс
Нарны гэрэл хөдлөхгүй.
Хийрхүү цуугианд мунхгууд автахаас
Билгүүн оюут автахгүй…
Яруу сэтгэгч мэргэдээс
Ятгын эгшиг дуурьсана.
Ядмаг оюуныг түншвээс
Бул чулуу шиг түг таг.
Өөрийн гэмийг үзэлгүй
Бусдын гэмийг отогчид
Нүдэнд бүрэлзэх хөлхөө
Сарны сэвх шиг харъюу…
Хувхай мөчир дээш ёрдойдог
Тэнэгийн сагсуу тэр мэт.
Жимст мөчир доош бөхийдөг
Эрдэмтний даруу тэр мэт.
Худгийн усыг лайдахад
Ундарга улам нэмнэ.
Хувьтай төрсөн буянтан
Өглөг үйлдээд ядуурахгүй.
Ээлт наран түр хиртэвч
Мөн чанар нь хувирахгүй.
Эрхэм хүн зуур доройтовч
Уг араншин нь өөрчлөгдөхгүй.
Үрүүл модноос гал асаад
Үнс төдий үлдэх шиг
Үтэл тэнэг хэдий баяживч
Өөрөө өөрийгөө бүрэлгэж дуусна.
Зүүний сүвэгч утсаар,
Туурайн ором усаар дүүрэх хялбар.
Зүдэг мунхгууд ялихгүй эрдэм,
Шалихгүй хэрэгт цатгалдана…
Далайд эрдэнэ живж,
Унгирал хөвдөг.
Мэргэдийн эрдэм цээжиндээ,
Мунхгийн эрдэм амандаа.
Зул нэгэн гэрийг гийгүүлнэ.
Нар мянган орныг гийгүүлнэ.
Ганц арслангийн сүрийг
Түмэн нохос гүйцэхгүй…
Утгыг таньсан мэргэд
Хүчир үйлийг ч буян болгоно.
Учрыг олсон шидтэн
Мөнгөн усыг ч рашаанд хувиргана.
Дур хүслийн балчиг дундаас
Гэгээрлийн лянхуа ч ургах бий.
Дууч эмийн хөл дороос
Гаслангүй мод ч цэцэглэх бий…
Агуу сэтгэлтний ширүүн үг
Анагаах чадалт хануур төөнүүр.
Атгаг сэтгэлтний зусар үг
Алтан уулын хорт мөрөн.
Эрдэнийн бумба эвдэрч гэмээ нь
Эрхэм сайнаар сэлбэж таарна.
Эгэл шавар суулга хагарвал
Хог дээр хаяхаас яах вэ…
Өрөөл бусдаас бурууг эрэх нь
Даруйд хялбар ч хэтдээ хүнд.
Өөрөө өөрөөсөө бурууг эрэх нь
Даруйд хүнд ч хэтэд тустай…
Undesten.mn