Зам тээврийн яамны харъяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтын үйл ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 28-наас Авто худалдааны цогцолборт төвлөрөн ажиллах боллоо.
Авто тээврийн үндэсний төвийн 7 салбар дээр явагддаг импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээг авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн ачааллын 70 орчим хувийг эзэлж буй шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээ нь хотын дотор Цирк, Хөсөг Трэйд гэсэн 2 салбар дээр хэвээр үргэлжлэх юм. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч нэр солиулах болон шилжилт хөдөлгөөний үйлчилгээ авахад хүндрэл үүсгэхгүйн тулд ийнхүү зохион байгуулж байна.
Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг нүүлгэн шилжүүлж байгаа нь Улаанбаатар хотын дотор улсын дугааргүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түүнээс үүдэн гарах замын хөдөлгөөний ослыг бууруулах, автын нэгдсэн худалдааг түшиглэн иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй үйлчлэх зорилготой ба тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг төвүүд хотын дотор байдгаас замын түгжрэл ихээр үүсгэж байгаа талаар Зам тээврийн яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газарт иргэдээс удаа дараа ирж буй гомдлыг шийдвэрлэх үүднээс хийгдэж буй ажил юм.
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээнд зориулан СХД-ийн 32-р хороонд \”Авто худалдааны цогцолбор”-ын дэргэд 2 га газрыг Нийслэлээс олгож байгаа. Энэ газарт Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчлэх оффисын барилгыг барьж эхлэх ба барилгыг дуусах үед тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, шилжилт хөдөлгөөний бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээг бүрэн шилжүүлнэ.
Зам тээврийн сайд, Нийслэлийн засаг даргын хооронд 2012 онд байгуулсан зам тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, Авто тээврийн үндэсний төв, Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан \”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажил юм.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлэхэд зориулж Авто худалдааны цогцолборт арилжааны 4 банк, даатгалын 4 байгууллага, нотариат, улсын дугаарын 8 үйлдвэр, 5 нийтийн ариун цэврийн газар, 26 цайны газар үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Мөн Нийслэлийн татварын газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран ажиллах ажлын байруудыг бэлэн болгосон байгаа. Нийтийн тээврийн автобус Авто худалдааны цогцолборт хүрэх маршрутын дагуу иргэдэд хэвийн үйлчилж байна.