Москва дахь Оросын армийн шүүхээс ОХУ-ын Хуурай
замын зэвсэгт хүчний командлагч асан Владимир Чиркинийг хээл хахууль авсан
хэрэгт буруутган 5 жилийн ял ногдуулсан болохыг тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч
мэдэгдлээ.
59 настай Чиркин нь 2012 оны 4 дүгээр сараас
эхлэн 2013 оны сүүлээр авлигын хэрэгт буруутгагдах хүртлээ Хуурай замын зэвсэгт
хүчнийг тэргүүлж байсан билээ. Чиркин нь Оросын армиас авлигын хэрэгт
холбогдсон хамгийн өндөр албан тушаалтан болоод байна. Батлан хамгаалах яамнаас
орон сууц авахыг хүссэн нэгэн офицероос 2008 онд 450000 рубль (тухайн үедээ
20000 ам.доллар) авсан хэмээн түүнийг прокурорууд буруутгаж байсан юм.
Чиркинд хахууль өгсөн офицер уг мөнгийг өгсний
дараагаар яамнаас авсан байрандаа нүүж орох гэсэн боловч тухайн байранд аль
хэдийн өөр гэр бүл амьдарч байсан бөгөөд энэ талаар прокуроруудад офицер гомдол
гаргажээ. Москва дахь армийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Мицукийн
хэлснээр шүүх түүнийг буруутай болохыг тогтоож, чанга дэглэмтэй шоронд 5 жил
хорих ял ногдуулсан байна. Чиркин бол Чечень дэх Оросын дайнд командлагчаар
оролцож байсан мэргэжлийн цэргийн хүн бөгөөд 2013 оны 5 дугаар сард Улаан
талбайд болсон Ялалтын баярын жагсаалыг ч удирдаж байсан хүн юм.
Эх сурвалж: iaac.mn