Монгол түмний дунд гэр бүлийн зан үйлийн ёслолын уламжлалт нэг хэлбэр нь насны ойг тэмдэглэх ёс юм. Үүнийг дотор нь хүүхдийн, өндөр насны гэж хоёр хувааж болно. Монголын заншлаар хүний насыг тоолохдоо хаврын эхэн сарын шинийн нэгнийг нэгэн жилийн хэмжээс болгон цагаан сараар нэг нас нэмдэг гэж үздэг тул шинэ оныг төрсөн өдрийн баяртай хамтатган тэмдэглэдэг.
Хүүхэд төрснөөс хойш нэг жилийн дараа хамаатан садан, найз дотно нөхдийн хүрээнд хүүхдийн насны ойн найрыг хийдэг. Харин сүүлийн үед хүүхдийн төрсөн өдрийг гэр бүл үеийн нөхдийн хүрээнд жил болгон тэмдэглэдэг шинэ заншил дэлгэрч байна.
Хүүхдийн насны ойг тэмдэглэх ёслолд архи дарс бага хэрэглэдэг төдийгүй, хүүхэд багачуудыг аль болох өргөн оролцуулж идээ цагаагаар дайлахыг эрхэмлэнэ. Энэ ёслолын үед гэрийн хоймор цагаан эсгий дэвсэн ойг нь тэмдэглэж буй хүүхдийг суулган найрладаг ба түүнд хандан ерөөл хэлдэг заншилтай. Уг ерөөлд
“Өсөх нас
Өрнөх үйлс
Сурах эрдэм
Судлах ухаан
Баярлах эрдэм
Бахдах алдар чинь
Нарны гэрэл
Сарны туяа шиг
Дээш дээшээ
Дэгжин мандаж…
Төрд баатрын буурьтай
Төрсөнд хүндэт суудалтай
Аав ээжийдээ ачлалтай
Ах дүүдээ элбэрэлтэй
Эрхэм иргэн болоорой гэж
Энхрий хүүдээ ерөөе” хэмээн захисан байдаг. Мөн хөвгүүдийг 5 нас хүрмэгц түүнд тусгай эмээл төхөөрөн дуртай сайн морийг нь зүслэн зааж өгч, төрсөн өдрийнх нь ойг тэмдэглэхдээ эмээлийг нь тохон моринд мордуулж, хултай айргаар морины толгой, дэл, хондлойг мялаан үлдсэнийг тэр хүүд уулгадаг нэгэн сонин заншил байдаг. Ингэхдээ шинэ эмээлийг моринд тохоод эцэг нь эхэлж мордож буусны дараа хүүгээ унуулан морины цулбуураас хөтлөн хотоо нар зөв гурав тойрч
“Хонхор дүүрэн морьтой
Хот дүүрэн малтай
Үрээн дүүрээд
Үрээгээ хөтлөөд яваарай” хэмээн ерөөл билгийн үг хэлдэг байна.
Монголын уламжлалт заншил ёсоор бол 70, 85, 90 насанд өндөр насны ойг тэмдэглэх ёс байх бөгөөд найрыг үр хүүхэд, садан төрөл нь нутаг усныхаа ард олныг урин өргөл хийдэг.
Тэгэхдээ зуны дэлгэр цагт айраг цагаа бэлтгэн найрлаж, бөх барилдуулж, морь уралдуулан нэгэн ёсны багахан наадам хийдэг заншил бий. 85, 90 насны ойг бүр ч хүндэтгэлтэй тэмдэглэдэг бөгөөд буянтай бууралд хандан ерөөл хэлдэг. Эл ерөөлд:
“Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн арддаа хүндлэгдсэн
Түүх шастирт нэрлэгдсэн
Ах дүүдээ өмөг болсон
Ач гучдаа түшиг болсон
Ачит буурал та минь…
Ертөнцийн олны ахмад нь болж
Есөн хүсэл нь ханан жаргаж
Ерэн сүүдэр зэрэгцсэний
Ерөөлтэй найрыг үүсгэж байна” гэх мэтээр настан буурлын ач гавьяаг тухай тухайн настай нь холбогдуулан шүлэглээд өндөр настныг хүндэтгэсэн найр цэнгэлийг эхлэх тухайд зочин гийчдэд хандан уран холбоо үгээр зарлана. Найрыг ёс дэгийн дагуу хийнэ.