\”Намаас ангид сонголтын төлөө\” уриан дор өчигдөр SS Club -д нэгэн уулзалт, ярилцлага боллоо. Уулзалтад төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав, нэрт сэтгүүлч Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяан, Уул уурхайн сайд асан Ч.Хурц, олон улсын тоймч Т.Гантулга, УИХ-ын гишүүн асан Д.Түмэндэмбэрэл, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын зэрэг нэр хүндтэй хүмүүс болон Гал Үндэстэн, Босоо Хөх Монгол зэрэг 10 орчим төрийн бус байгууллагын төлөөлөгчид, иргэд ирж, санал бодлоо солилцлоо.
Нийт 30 орчим хүн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Зарим хүмүүсийн ярианаас…
.
ӨНӨӨДӨР УЛС ОРНОО ИДДЭГ БОЛЛОО
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.ГОМБОЖАВ:
Миний үед \”Нам бол манай эрин үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар юм\” гэдэг байлаа. Өөрөөр хэлбэл чадалтай, чадвартай, сэхээтэн хүмүүс үзэл бодлоо нэгтгээд улс орноо манлайлан авч явах арга зам бол нам юм хэмээн үздэг байлаа. Харин өнөөдөр энэ ойлголт эсрэг болжээ. Өнөөдөр нам шиг муу муухай зүйл үгүй болсон, нам муухай харагддаг болсон учраас л Намаас ангид сонголтын тухай ярьж байна.
Намаар дамжуулан луйварчид 1995 оноос ил тод төр, олны өмчийг идэж луйвардаж эхэлсэн юм. 1996 оноос АН, 2000 оноос МАХН/МАН идэж эхэлсэн. Тэгээд 2004 оноос хоёулаа нийлээд иддэг болсон. Хуучин үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг иддэг байсан бол өнөөдөр улс орноо иддэг болж байна. Ийм байгаад хоёр гол буруутан, буруутгал байна.
Нэгд, манай сонгогчид буруутай байна. Тийм хүмүүсийг удаа дараа сонгосоор ирлээ.
Хоёрт, манай намууд буруутай байна.
Энэ онд сонгогч олон маань ухаалаг сонголт эс хийвээс бид дахиад сонголт хийх цаг хугацаагүй болж мэдэхээр байгаа учраас сэтгэл эмзэглэн зүгээр суух аргагүй болж байна. Тиймээс бидний хэсэг ахмадууд \”Жудагтай Монгол\” хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байгаа.
.
Олон улсын тоймч Т.ГАНТУЛГА:
Сонгогч биднээс хамааралтай төр засгийг бид энэ удаагийн сонголтоороо сонгон байгуулах гарцаагүй шаардлагатай болсныг бид ухаарах хэрэгтэй юм. Бид өөрсдийнхөө толгойгоор явах цаг одоо болсон. Одоогийн хүнд хэцүү нөхцөлд илүү хурц ширүүн арга тактик хэрэглэхгүйгээр бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй юм.
.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ч.ХУРЦ:
Би 23 настайдаа Монгол Улсынхаа уул уурхайг хариуцан авч байлаа. Хаана ямар эрдэс баялгийн орд шинээр нээгдэх нь вэ хэмээн байж ядан догдлон хүлээдэг, шөнө хагаслаад ч хамаагүй гарч давхихын тулд гараашдаа хоёр 69 машиныг дүүрэн бензинтэй байнга байлгадаг байлаа. Орд шинээр нээгдэнэ гэдэг миний амьдралын хамгийн их баяр баясгалан байлаа. Гэтэл өнөөдөр хаана орд шинээр нээгдчих вий гэхээс айж, халширдаг болжээ. Шинээр орд нээгдчихлээ гэхийг сонсоод харуусан халагладаг болжээ. Яагаад тэр билээ. Тэр шинээр нээгдсэн бүхэн өнөө луйварчдийн гарт очдог болчихсон байна.
Миний залуу насны минь утга учир, баяр баясгалан болж байсан, тэр үед нээгдсэн олон зуун ордын хувь заяа ч харуусалтай болсон. Хожим би хэдэн луйварчинд өгөх гэж тийнхүү орд олоод баярладаг байсан болж байна уу гэж бодохоос гол горойдог болжээ.
.
Тус уулзалтыг санаачлан зохион байгуулагч, \”Намаас ангид сонголтын төлөө\” ТББ-ын тэргүүн сэтгүүлч О.ЛХАГВАДОРЖ юуны учир энэ арга хэмжээг зохион байгуулж буйгаа тайлбарлан доорх мэдэгдлийг хийсэн болно.
НАМААС ЯАГААД ТАТГАЛЗАХ ЁСТОЙ ВЭ?!
Өнөөдөр Төр Засгийн дампуурлыг засаж өөрчлөх, улс орноо аврах хууль ёсны ганц арга зам нь намаас ангид сонголт болоод байна. Учир нь:
Нэгдүгээрт Нам нь өнөөдөр улс оронд 5 үндсэн бодит аюулыг тарьж байна. Үүнд:
а/ Ард түмний эв нэгдлийг хагалан бутаргаж, улс орныг задлаж байна. Бүр гэр бүл салж саринах хүртэл, ах дүүс хоорондоо зөрчилдөн тангараг тасартал, бүр сум багийн иргэд нэг нутаг усанд хамт байж багталцахгүй болтлоо эвдрэлцдэг болсон. Манай намых биш гээд нялх хүүхдийг нь эмчлэхээс татгалзсан тохиолдол гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Хоёр эмээ зэрэгцээд сууж байхад нэгнийх нь гарыг цайлгаад нөгөөд нь танай нам танд том бэлэг өгөх байлгүй гэж тавлах жишээтэй. Ийм маягаар иргэдийн хооронд бие биенээ үзэн ядах сэтгэлийг бий болгож байгаа.
б/ Гадны бодлого намаар дамжин улс орныг залж жолоодон бусинуулах ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах, Үндэсний эрх ашгийг хохироох бодлогыг гадныхан намуудаар дамжуулж хэрэгжүүлж ирсэн. Баялгаа зүгээр өгөх гэрээ хэлцэл, газар нутгаа гадныханд өмчлүүлэх хууль гаргах гэсэн удаа дараагийн оролдлогууд, газар нутаг зарсан бэлэглэсэн гээд олон жишээг энд дурьдаж болно
в/ Гэмт хэрэг намаар хамгаалагдан өсөж үржиж байна. Авлигын том хэргүүдээс эхлээд эдийн засгийн болон улс төрийн аллага гэх мэт. Ер нь Монголд мафи гэдгийг намууд бий болголоо. Одоо та бүхэн хардаа. Гэмт хэрэгтнүүдийг хэн хамгаалж, гэмт хэрэгтнүүд хэний нөмөрт хоргодож байна? Хэдэн зуун саяын авлигын хэрэгтэнг барилаа гэхтэй зэрэг л \”Манай намын хүнийг улс төрийн захиалагаар хэлмэгдүүллээ.
Энэ хуулийнхан болохоо байлаа, Энэ АТГ-ыг татан буулгая, өршөөлийн хууль гаргая” гээд л. Энэ мэтээр хүний наймаа хар тамхи гэх мэт урьд өмнө монголд огт байгаагүй гэмт хэргүүд гаднаас \”импортлогдон” цэцэглэж байна. Нам гэх мафийн өмнө Монголын хууль, хуулийн байгууллагууд мөхөсдөж байна.
г/ Төрийг үгүй хийх, төрийг хүчгүйдүүлэх ажлыг нам явуулж байна. Төр энэ уулыг чинь хамгаалж чадахгүй, төр энэ ажлыг чинь хариуцахгүй, төрд энэ асуудал хамаагүй, төр хамгийн муу менежер гэх мэтээр ярьж сурталчилдаг. Зориуд төрийн албан хаагч мэргэшсэн байх чадварыг үгүй хийж, төрийн үйл ажиллагааны залгамж чанар, ой санамжийг алдагдуулж, төрийн ажил мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүсийг тавьдаг. Бүр сайд дарга нараас нь эхлэн тухайн салбарыг мэдэхгүй, төрийн ажлын ёс зүйгүй, хууль хэрэгжүүлдэггүй танхай балмад этгээдүүдийг тавьдаг, байршуулдаг. Хамгийн их худлаа ярьдаг.
Дандаа буруу тоо мэдээллүүд цацдаг. Ажилгүй орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж иргэдийн амьдрал доройтоод байхад л ажилгүй иргэдийн тоо тэдэн хувь буурлаа, иргэдийн амьдрал сайжирч байна, юмны үнэ хямдарч байна, цалингийн дундаж хэмжээ өмнөх оныхоос өссөн байна, ядуурал буурсан байна гэх мэтээр залдаг. Ингэснээр иргэдийн төрд итгэх итгэл улам алдрах жишээтэй.
д/ Улс орны эдийн засгийг дампууруулж, сүйтгэн бусинуулж байгаа үндэс суурь нь намууд юм. Эдийн засгийг бусинуулах бодлогын суурийг намууд тавьсан. Тэд хувьчлал нэрээр эдийн засгийн үндэс суурийг үгүй хийсэн.
Сонгогдохын тулд ард түмэнд амалсан мөнгө тараах хууль бус амлалтуудуудыг өрсөлдөн эхлүүлж, түүний үр дагаварт ямар их өр бий болсныг та бүхэн санаж байгаа. Түүнээс гадна зөвхөн намуудын өөрсдийнх нь хэрэглэж байгаа, улсын төсвөөс идэж ашиглаж байгаа, зугаалж цэнгэж, найрлаж наргихдаа зарцуулж байгаа, тендер гэх мэтээр төсвөөс завшиж идэж ашиглаж байгаа, өөрсдийгөө сурталчлахын тулд салхинд хийсгэн цацаж байгаа үрлэг зарлага тоймгүй.
Зөвхөн өнгөрсөн сонгуулийн үед намуудын сонгуулийн зардал 35 тэрбум төгрөг болж байсныг та бүхэн мэдэж байгаа. Зөвхөн намуудын санхүүжилтэд зориулж төсвөөс болон хандив нэртэй ил далд хулгай луйврын замаар авдаг хэрэглэдэг үрлэг зарлага тансаглал л монголыг цөлмөж гүйцлээ шүү дээ. Хэдэн зуун саяаас хэдэн арав, хэдэн зуун тэрбум, их наядаар яригддаг болсон.
Намаас нэг гишүүн нь сонгогдоход ард түмний халааснаас 10 сая төгрөг авч тухайн намд өгдөг хууль, тогтолцоо өнөөдөр манайд үйлчилж байгаа. Дээр нь сонгогдсон гишүүдийн өөрсдийнх нь авдаг хувь хэмжээ тусдаа байгаа. Үндсэндээ намуудыг сонгох нь Монголыг цөлмөх эрх мэдлийг өгч байгаатай агаар нэгэн болоод байна. Тиймээс л бие даагчдыг сонгох сонголт амин чухал хэрэгцээ, авралын гарц болоод байна.
Хоёрдугаарт Нийгмийг сэтгэлгээний ядуурлаас салгахын тулд намаас татгалзах тухай ярих хэрэгтэй болж байна.
Нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэх, иргэд эргэцүүлэн бодох өөрийн ухаантай байхад хэрэгтэй байна. Эс тэгвээс Хаант засгийн үеийн хамжлагын тариачид хамжлагыг халчихвал бид яаж амьдрах юм бэ гэж эсэргүүцэж байсан шиг нам байхгүй бол бид яаж амьдрах юм бэ гэж эсэргүүцэх хүн олшрох хандлагатай болж байна. Нийгмийг тийм сэтгэлгээтэй болгохын төлөө намууд, тэр дундаа эрх баригч намууд чармайж байна.
Намгүй улс орон байдаггүй, намгүй ардчилал ч байхгүй. Өнөөгийн манай олон намын систем бол ардчиллын том үзүүлэлт гэх мэтээр улайран сурталчилж байна.
Тэгвэл намгүй улс орнууд байдаг юм байна. Саудын араб, Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт, Оман, Бутан … гэх мэт нэлээн улс орон байдаг юм байна. Тэр улс орнууд хүн амьдрах аргагүй аймшигтай газар байдаг юм болов уу гэхээр үгүй бололтой юм. Тэр тусмаа намгүй улс орнуудын иргэд бид намгүй байна, ардчилалгүй байна гээд амиа хорлоод байдаггүй гэнэ. Гэтэл манайд ажилгүй орлогогүйн улмаас, нийгэмдээ хаягдаж ганцаардсаны улмаас амиа хорлолт хүн амын тоондоо харьцуулвал нэлээд өндөр хувьтай улс орнуудын тоонд ордог болсон юм байна.
Энэ мэт учир шалтгаан үндэслэлээр Намаас ангид сонголт л улс орны авралын гарц гэж үзэж байгаа юм.
.
Уг уулзалтад ирж, үгээ хэлсэн хүмүүсийн санал бодлыг дараагийн бүлэгт оруулах болно.
Б.Чимэддорж