Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын даргад албан ёсоор хандсан. Энэхүү хүсэлтийг хуулийн дагуу УИХ 48 цагйн дотор хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд энэ хугацаа өнөөдрийн 17:00 цагт дуусгавар болох юм.
Гэтэл ажлын найман цагийн дотор өрнөх энэ асуудал “Царцаа, шоргоолжны үлгэр” адил болохыг шахав. Учир нь гишүүдийг эгүүлэн татах асуудлаар эхлээд намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ. Үүний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын хороонд санал дүгнэлтээ танилцуулна. Төрийн байгууллалтын байнгын хорооны дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, эцэст нь чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах ёстой.
Ийм л процессоор дотуур өмдөн доторх асуудлыг өдөржин төрийн түшээд хэлэлцэн өнжих учиртай болов.
Ямартай ч намын бүлгүүд шийдвэрээ гаргалаа. Д.Муратын асуудлыг АН-ын бүлгээр авч хэлэлцэх шаардлагагүй, задгай саналтай орж болно гэж сөрөг хүчнийхэн дотооддоо үзжээ. Харин эрх баригчдын талаас Д.Гантулга гишүүнийг эмэгтэйчүүд нь авч үлдэхийг эрмэлзэхгүй байгаа бол авч үлдэх сонирхолтой бас бус хүмүүс байсан аж.
Ингээд эцэст нь УИХ-ын намын бүлгүүд Д.Мурат, Д.Гантулга гишүүдийг эгүүлэн татах асуудлаар чуулганд задгай саналтайгаар оролцох шийдэлд хүрчээ.