Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Спорт хорооны зааланд зургадугаар сарын 30-нд Мас-рестлинг /Модон бөх/-ийн аварга шалгаруулах тэмцээн болно. Якутын үндэсний бөхөөс гаралтай мас-рестлингийн тэмцээн нь эрэгтэй 70, 80, 90, 105, -125, +125 кг жинд аваргаа тодруулах бол эмэгтэйчүүд 65, 75, -85, +85 кг жинд хүч, ур чадвараа барилдаж шилдгүүдээ тодруулах юм.
Энэхүү тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн тамирчдыг ирэх 11 дүгээр сард ОХУ-ын Якутск хотноо болох Мас-рестлингийн ДАШТ-д оролцох юм байна. Харин хоёрдугаар байрт шалгарсан тамирчдыг Киргиз улсад болох Дэлхийн нүүдэлчдийн III их наадамд оролцох эрх олгох юм. Мөн энэ тэмцээний хүнд жинд тэргүүлсэн нэг тамирчин ирэх есдүгээр сарын 10-14-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулах мас-рестлингийн хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорино хэмээн Монголын модон бөхийн холбооноос мэдээллээ. Дашрамд сонирхуулахад, Мас гэдэг нь якут хэлээр мод гэсэн үг юм байна.