Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар өнөөдөр мэдээллээ.
Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 12 мянга 459 хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 244 нярай, 1-5 хүртэлх насны 286 хүүхэд эндэж, өмнөх оноос 15-16.7 хувиар өсчээ. \”Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 959.3 мянган хүүхдэд 38.8 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгожээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 26.7 хувиар өсчээ
Өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 35.7 мянган аж ахуйн нэгжийн 568.8 мянган албан хаагч нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 240.7 тэрбум төгрөг, зарлага 264.9 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь орлого 26.7, зарлага 14.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийгмийн даатгал төлөгчдийг цалингийн бүлгээр авч үзэхэд 192 мянган төгрөг хүртэлх цалинтай ажилчдын дундаж цалин 2.6 мянган төгрөг, 192-300 мянган төгрөгийн цалинтай ажилчдын цалин 8.5 мянган төгрөгөөр тус тус буурчээ. Харин 700 мянгаас дээш төгрөгийн цалинтай ажилчдын хөлс 0.3-8.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
Гэмт хэргийн гаралт 10.4 хувиар буурчээ
Харин өнгөрсөн хоёр сард улсын хэмжээнд 4762 гэмт хэрэг бүртгэгдэж, 4500 хүн хохирчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан үзүүлэлт байв. Үүнд хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсан нь эерэг нөлөө үзүүлжээ.Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 3.8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, 40.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Мөн өнгөрсөн сарын хувьд урин дулаан цаг ойртсон өдрүүд гэдэг утгаараа цаг үеэ даган цахилгаан дулаан, түлш эрчим хүч, орон сууцны үнэд бага зэргийн бууралт ажиглагдсан байна. Харин эсрэгээрээ махны үнэ бага зэрэг өсчээ. Мөн боловсролын үйлчилгээ, хувцас, бөс бараа, гутал, гэр ахуйн тавилгын бүлгийн үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлж хоёрдугаар сарын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, харин өмнөх оны энэ үеэс хоёр хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн хэмжээ өмнөх оноос 1.3 мянган хүнээр нэмэгджээ
Энэ хоёрдугаар сард ажилчдын цалинд багагүй өөрчлөлт гарчээ. Тухайлбал 700 мянга хүртэлх цалинтай иргэдийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.
192 мянга хүртэл цалинтай иргэд 2.6 мянга
192-300 мянга хүртэлх цалинтай иргэд 8.5 мянга
300-500 мянга хүртэлх цалинтай иргэд 18.7 мянга
500-700 мянга хүртэлх цалинтай иргэд 2.3 мянган хүнээр тус тус буурсан байна. Харин 700 мянгаас дээш цалинтай ажилчдын хэмжээ нэмэгдсэн дүр зураг харагджээ. Тухайлбал:
700-900 мянган төгрөгийн цалинтай иргэд 8.4 мянга
900-1 100 000 төгрөгийн цалинтай иргэд 3.5 мянга
1 300 000-1 500 000 төгрөгийн цалинтай иргэд 0.8 мянган хүнээр тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
Улсын төсвийн алдагдал 258.5 тэрбум төгрөг болжээ
Улсын төсвийн алдагдал 258.5 тэрбум төгрөг болж, татварын орлого өмнөх оноос 27.4 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурсан байна.
Энэ оны эхний хоёр сард Монгол Улс 105 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 965.4 сая ам.доллар болжээ. Үүнээс 613.3 сая ам.долларын экспорт, 352.1 сая ам.долларын импорт хийсэн байна. Тэгвэл гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хоёр сард 261.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 250.2 сая ам.доллар буюу 20.6 хувь, экспортын хэмжээ 139.9 сая ам.доллар буюу 18.6 хувь, импортын хэмжээ 110.2 сая ам.доллар буюу 23.8 хувиар буурсан байна.
Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ 889 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.8 тэрбум төгрөгөөр буюу 0.5 хувиар өссөн. Харин хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 974.5 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар буурсан байна.