Дэлхийн хамгийн богинохон урсдаг шат, дөрвөлжин хэлбэртэй
тарвас, эрчүүдэд зориулсан эмэгтэй хүний хөлний хэлбэртэй дэр гээд хүний
санаанд багтамгүй этгээд гаж зүйлс ихтэй гэдгээрээ Япончууд дэлхий даяар
алдартай. Тэгвэл зөвхөн эд зүйлс гэлтгүй зарим хүний хэзээ ч хийхийг хүсэхээргүй,
зарим хүн ийм ажил байдаг гэж төсөөлж ч байгаагүй, зөвхөн Японд л харж болох этгээд
хачин 5 ажлыг та бүхэнд сонирхуулъя.
Хуримын хуурамч зочид
Үлгэрийн юм шиг хурим хийнэ дээ гэж мөрөөдөж байтал тийм
ч их зочид ирэхгүй нь гэж сэтгэлээ түгшээх хэрэггүй, хуримын хуурамч зочдыг
хөлслөхөд л хангалттай.
Япончууд хуриман дээр олон зочид ирэх тусмаа гэрлэлт аз
жаргалтай болно гэж үздэг. Хуурамч зочдын үйлчилгээг үзүүлдэг компани нь
хуурамч хайрт залуу (бүсгүй), бие хамгаалагчид, мөн оршуулгын ёслолд очих
хуурамч зочдыг ч мөн санал болгодог байна.
Агаарын бөмбөлөг харах ажил
Энэ бол маш энгийн ажил. Зар сурталчилгааны зориулалттай
агаарын бөмбөлгүүдийг байх ёстой байрандаа байна уу үгүй юу гэдгийг нүд
салгалгүй харахад л хангалттай.
Ошияа
Нью Йорк, Парис, Лондон зэрэг том хотуудад ажил эхлэх
болон ажил тарах үеэр метрогоор хүмүүс хамгийн их зорчдог байна. Харин Токиод
оргил цагаар бусад хотуудтай харьцуулахын аргагүй их хөл хөдөлгөөнтэй болдог. Энэ
бол ошияа нарын завгүй ажиллах үе юм. Тэдний хийх ажил бол зорчигчдыг метро руу
чихэж оруулан, хаалганы завсар ямар нэгэн зүйл хавчуулагдахаас сэргийлэх юм.
Нарабияа
Дараалал ихтэй газар үйлчлүүлэхээр зогсож байтал хүүхдээ
сургуулиас нь авах цаг болох ч юм уу эсвэл өөр ажил гэнэт гарах үе байдаг л биз?
Ийм үед Япончууд нарабияаг дууддаг. Таныг ажлаа амжуулж явах хооронд нарабияа
нар дуртайяа таны өмнөөс дараалалд зогсох болно.
Хамт унтагч
Японд ажлын дарамтаас болж стрессдсэн, ганцаардмал хүмүүс
их байдаг. Эдгээр хүмүүст зориулсан \”хамт унтагч” нь үйлчлүүлэгчдээ унтахад нь
хань болж, гараа хөтлүүлэх, мөрөө дэрлүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг ба
сексийн үйлчилгээг зөвшөөрдөггүй байна.
Ө.Намуун