УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүллээ.
Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт \”… Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэж заасан байдаг. Гэвч Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл, доторх бүлэглэл, улстөрчдийн дотоод зөрчлийн улмаас бүтэн дөрвөн сар буюу 140 гаруй хоногийн турш эрүүл мэндийн салбар эрхэлсэн сайдгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Уг шаардлагад \”Эрүүл мэндийн салбар эзэнгүйрч байх хооронд 2010 оноос хойш манай улсад бүртгэгдээгүй байсан улаанбурхан өвчний тохиолдол илэрч, зөвхөн энэ онд 9000 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Уг нөхцөл байдалтай УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд гуравдугаар сарын 18-ны өдөр танилцахад 10 гаруй хүүхэд эндсэн, эмчлүүлэх өвчтөний дараалал үүсэж, хэвтэх ор хүрэлцээгүй болж, сэхээн амьдруулах тасгийн нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёрхон аппаратад ээлжлэн орохоор дугаарлаж буйн улмаас өвчлөгчдийн биеийн байдал улам хүндэрч, эдгэрэлтийг удаашруулж, цаашид ч хүндрэх хандлагатайг салбарынхан мэдээллээ. Энэ бол тус салбарт үүсээд буй нөхцөл байдал, уруудал доройтлын ганцхан жишээ юм. Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа алдаа дутагдал нь удирдлага зохион байгуулалттай холбоотой, Засгийн газрын хариуцах асуудал бөгөөд дээрх өвчлөлийг таслан зогсоох, хүний амь насыг дахин хохироохгүй байх тал дээр яаралтай арга хэмжээ авах, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан \”Эрүүл чийрэг монгол хүн” зорилтынхоо хэрэгжилтийг ард иргэддээ тайлагнахыг шаардаж байна\” гэжээ.