УИХ-ын ээлжит бус
чуулганыг өчигдөр /2016.03.31/ 09.00 цагт хуралдуулахаар зарласан байсан ч
үдээс өмнө ирц бүрдээгүй учир 14.00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Үдээс хойш
мөн л гишүүдийн ирц бүрдээгүй учир УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэн хуралдааныг
цуцаллаа.
Тэрбээр, \”Энэ гурав
хоногт зургаан удаа чуулганы хуралдааныг нээх гэж оролдлоо. Улс орны чухал
асуудал, цөмийн хог хаягдлыг Монгол Улс руу нэвтрүүлэхийг хориглох тухай
хуулийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан. Одоогийн байдлаар УИХ дахь
АН-ын бүлгийн гишүүдийн 21 нь ирж, ирц 60 хувь, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 0
хувь, \”Шударга ёс” эвслийн бүлгийн 4 гишүүн ирж, ирц 40 хувь, ИЗНН-ын 2 гишүүн
хуралдаа ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй. Хуралдаанд
ирсэн гишүүдийн ирц 35.5 хувьтай байна. Гурван өдөр үдээс өмнө, хойно хуралдаан
зарласантай нийлээд 6 удаа ээлжит бус чуулганыг хуралдуулахаар оролдлоо. Ирсэн
гишүүдэд баярлалаа. Ийм чухал асуудлыг хэлэлцэх гэж байхад ирэхгүй байгаа
гишүүдийг ард түмэн цөмийн хог хаягдлыг булшлахын төлөө байгаа юм байна гэсэн
ойлголттой үлдлээ. Ирэх 7 хоногт хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.
Хуралдаанд ирээгүй гишүүд хаврын ээлжит чуулгандаа ирнэ гэж найдаж байна.
Асуудлуудаа ердийн горимоор хэлэлцээд явна гэлээ” хэмээн УИХ-ын Тамгын
газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.