Дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд амжилттай авирч, эх орондоо ирсэн, гавьяат тамирчин Б.Гангаамаа авиралтынхаа талаар мэдээлэл өглөө. Энэхүү хуралд Биеийн тамир спортын хорооны удирдлагууд оролцсон байна. Мөн хурлын үеэр МУГТ, уулчин Б.Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм.
Үүний дараа МУГТ, уулчин Б. Гангаамаатай цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд К2 уулын оргил дээр гарсан Монголын анхны эмэгтэй тамирчин болсон. Авиралтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хоёр сар гаруйн дараа эргэн амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Явахынхаа өмнө амласан ёсоороо эргэн ирж дахин та бүхэнтэй уулзана гэж байсан. К2 ууланд авирах тохиолдол жилд ганц удаа болдог. Дэлхийн хэмжээний маш хүнд оргил юм. Эверест оргилд авирахын тулд хавар авиралт хийдэг бол К2 ууланд зун авиралт хийдэг юм. Энэ жилийн хувьд урд урдын жилүүдээс сайхан байсан, учир нь оргилд маш олон хүн авирч гарсан. Цаг агаарын хувьд харьцангуй тогтвортой байсан. 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарсан байдаг юм байна. Үүнээс 2012 он, 2018 онуудад хамгийн олон хүн нэг зэрэг энэ уулын оргил дээр гарсан.
-Хамт явсан багийн тухай. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй явсан вэ?
-Энэ удаагийн авиралтад дөрвөн том эскпедиз оролцсон. Манай багийн хувьд найман орны 10 уулчин байсан. 2018 оны долдугаар сарын 21-нд 07.00- 08.00 цагийн хооронд цувж К2 уулын оргил дээр гарсан. Манай багт Япон, Хятадын тус бүр хоёр уулчин, Швейцарь, Бельги, Мексик, Непал, Ирландаас тус бүр уулчин оролцсон бүрэлдэхүүнтэй байсан. Эдгээр гарсан улсуудын тав нь энэ оргилд улсаа төлөөлж анхдагч хүмүүс болсноо мэдсэн.
К2 ууланд гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо
-Мэдээж энэ том оргил дээр гархад хүндрэл бэрхшээл багагүй л байсан байх. Биеийн байдлын хувьд ямар байв?
-Авиралт болон өндөр авалтын үед биеийн байдал маш сайн байсан. Жаахан ханиалгах асуудал гарч байсан. Бусдаар бол биеийн байдал урьдынхаас сайн байлаа. Оргил дээр гарах бүрэн эрмэлзэлтэй, хичээсэн. Оргилд гарахаасаа өмнө Монгол руугаа ярьж монголчууд минь К2 уулыг аргадаж, тахиж өгөөрэй гэж хэлж байсан. Авиралт амжилттай болсон. Миний хувьд Пакистан улсын цагаар 08.30 цагт, Монголын цагаар 10.30 цагт К2 уулын оргил дээр гарсан. Авиралт дуусаад буух хооронд битүү цас, цаснаас өмнө бууж дөрөвдүгээр бааз хүрсэн. Аюулгүй байдлаа бодоод дөрөвдүгээр бааздаа хоносон. Надтай хамт авирсан хүмүүс доошоо үндсэн бааз хүртэл буусан байсан. Авиралт минь олон жилийн хүсэл мөрөөдөл, монголчуудын хүсэл байсан. 2005 онд Эверестэд анхны Монгол хүн гарсан байдаг. Түүнээс хойш дараагийн оргил К2 дээр гарах мөрөөдөл байсан. Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо. Маш их баяртай байна.
-К2 ууланд хэр олон эмэгтэй уулчид гарсан байдаг бол. Таны хувьд К2 ууланд гарсан хэд дэх эмэгтэй вэ?
-Дэлхийн 337 хүн гарсан гэсэн тоо судалгаа байдаг. Үүнээс эмэгтэй 18 уулчин К2 оргил дээр гарсан гэсэн тоон судалгаа байгаа. Энэ жилийн хувьд хамгийн олон эмэгтэй буюу зургаан эмэгтэй К2 ууланд гарсан.
-К2 уул дэлхийн хамгийн хүнд хайрхан гэдэг. Энэ хайрханд авиралт хийж байгаа уулчид амь насаа алдах тохиолдол нэлээд их гардаг. Таныг авиралт хийж байх хугацаанд уулчид амь насаа алдсан тохиолдол гарсан уу?
Энэ уулын оргилд гарчихаад бууж замдаа 84 хүн амь насаа алдсан гэсэн тоон судалгаа байдаг. Миний хийсэн авиралтын үед Японы уулчин оргил дээр гарчихаад буух замдаа унаж амиа насаа алдсан тохиолдол гарсан.
-Та цаашид ямар авиралт хийхээр төлөвлөж байна вэ?
-Төлөвлөсөн зүйл байгаа. Гэхдээ одоохондоо заралмааргүй байна. Цаг хугацаа болохоор хэлнэ.