Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөнөөс 6.3 хувийн хурдацтай явж байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж Зам, тээврийн сайд М.Зоригт \”Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд шинээр агаарын хаалга нээж, Хятадын дотоодын нислэгүүдийг Монголын агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх талаар тохиролцсон байна. Энэ нь манай улсын агаарын навигацийн үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагаа олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг илтгэх үзүүлэлт төдийгүй өнгөрөлтийн нислэгийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж байгаа нэг шинэ ажил бол МИАТ ХК болон \”Аэромонголиа” ХХК-иуд хамтран Улаанбаатар-Ховдын чиглэлд Боинг 737-800 маркийн онгоцоор нислэг үйлдэх болсон явдал гэж сайд хэллээ. Ховдод Боинг-оор очсон зорчигчдыг Фоккер-50 онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдарч, үйлчилгээний чанар дээшлэх давуу талтай юм. 2008 онд гүйцэтгэхээр гэрээ байгуулж найман жил гацаж байгаа Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн барилгын ажлыг дуусгаж наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ.
Төмөр замын салбарт Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км төмөр замыг суурь бүтэц, бусад барилга байгууламжийн хамт Монголчууд өөрсдөө барьж, анхны ачаа тээврийн эхлүүлснийг сайд онцоллоо. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр вамын бүтээн байгууллатын ажлыг энэ хавар эхлүүлнэ гэлээ.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх хэлэлцээрийн төслийг талууд эцэслэн тохиролцжээ. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн жолооч нарыг тээвэрт гарахаас нь өмнө эмчийн үзлэгт хамруулахаар бэлтгэж байна гэлээ.
Автозамын салбарт 2016 онд 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон долоон байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барина. Улсын хэмжээнд зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сарын 18-нд нэгэн зэрэг эхлүүлнэ гэж М.Зоригт сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.