\”Хөл толгой нь олдохгүй” бужигнаан нэгтгэсэн төрийн байгууллагууд дээр
ажиглагдаж байна. Тодруулбал, Гаалийн Ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай
нэгтгэж, Гааль, Татварын ерөнхий газар болгож, Статистик Улсын бүртгэлийг
нэгтгэж, Бүртгэл, Статистикийн ерөнхий газар гэж байгуулсан.
Гэтэл чиг үүрэг нь өөр хоёр байгууллагыг нэгтгэснээс болж төрийн ажил
цалгардахад хүрээд байгаа аж. Ер нь төрийн шийдвэртэй аливаа үйл ажиллагаа
болгоны ард томилгоо, халаа сэлгээ явагддаг. Энэ дагуу татварын байгууллага ч
ихээхэн халаа сэлгээ хийгдэж, татварын мэдлэггүй гаалийн байцаагчийг албаны
даргаар томилохоос эхлээд л асуудлууд үүсч эхэлсэн байх юм.
Уг нь Гаальчид \”буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэсэн үүрэгтэйгээр
ажилладаг. Ийм л зорилготойгоор хил дээр тасалбар тасдаад зогсч байсан \”постын
манаач”-ийг хоёр байгууллагыг нэгтгэх үеэр татварын байгууллагад авч ирээд л
албан тушаалд томилчихож. Тэгээд л чиглэлээ мэдэхгүй байцаагч будилж, одоохондоо
татварын байгууллага гэж юу болох, ямар үүрэг, чиглэлээр ажилладаг зэрэгтээ
танилцаж, дадлага сургуулилт хийгээд л сууж байдаг бололтой юм.
Гэтэл улсын төсөв бүүрдүүлэгч энэ том байгууллагад шинэ хүмүүс
дадлагажуулаад л, мэргэшүүлээд л байж байх цаг зав, шаардлага бий билүү. Ийм
зүйл байж яавч болмооргүй. Бараг л шүдний эмчийг \”яваад зүрхний хагалгаа хий”
гэж байгаагаас ялгаагүй үйл явдал болжээ гэж харагдаад байгаа юм.
Мэдлэг чадвар дутмаг хүмүүс татварын байгууллагын үйл ажиллагааг
доголдуулаад ирэхээр улсын төсөв тасарч мэдэх аюул нүүрлэж болзошгүй. Уг нь гааль, татвар хоёрыг \”улсын төсөв хэмнэх”
зорилгоор нэгтгэсэн. Гэтэл гаргасан шийдвэрийнх нь дараа юу болохыг ойлгодоггүй
дарга нараас буруугаас болоод улс төсөв хэмнэх бус харин тасарч, доголдолж ч
магадгүй нөхцөл байдал үүсчихээд байна шүү дээ.
Тухайлбал, хоёр байгууллагыг нэгтгэсний дараа орон нутаг, дүүргүүдэд ажилладаг
орон тооны бус байцаагчдыг ихээр халах болж. Орон тооны бус байцаагчид нь дүүрэг
болон орон нутгийн төсөв бүрдүүлэх зорилготой ажилладаг байсан. Гэвч тэдгээр байцаагчдыг халснаар дүүргийн, орон
нутгийн төсөв хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй болж эхлээд байгаа аж.
Засгийн газар мөнгө хураагч, төсөв бүрдүүлэгч хоёрын үүргийг адил гэж
ойлгосон нь харамсалтай. Үүнээс болоод л төрийн байгууллагын үйл ажиллагаа
доголдож, иргэдэд хүрэх үйлчилгээний хурд саарч, засаглалын хямрал үүсчихлээ.
Амар