Бие даагч асан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.
Ц.Даваасүрэн гишүүн мэдээллийнхээ эхэнд МАН-ын удирдлагуудаас ирсэн урилгыг үндэслээд МАН-д дахин элсэх шийдвэр гаргасан гэдгээ хэлж байв. Мөн анх МАН-ын гишүүн байсан учраас эргээд эвлэрч, хамтарч ажиллахаар шийдсэнээс гадна МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тэдний бодол, саналыг тусгаж байгаа учраас элссэн гэж тайлбарлав. Тухайлбал УИХ-д намын жагсаалтаар сонгогддог байдлыг халах асуудлаар санал нэгдсэн аж. МАН-д элссэнээр бие даагчдын баримталж ирсэн байр, суурьд ямар ч өөрчлөлт орохгүй гэдгийг Х.Болорчулуун гишүүн мөн онцлов.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ирэх долоо хоногоос МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд албан ёсоор оролцоод явах уу?
-МАН-ын бүлэгт нэгдэнэ. Ер нь бол бидэнд тийм боломж байсан. МАН сонгуульд ялчихсан хойно нь орж байгаа юм биш. Цөөнхтэй нэгдээд сонгуульд өрсөлдөх гэж байгаа юм.
-Ц.Даваасүрэн таныг МАН-ын Бага хурлын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон гэдэг нь үнэн үү?
-Гишүүдийн 93 хувийн саналаар дэмжигдсэн. Бодлогын түвшинд бидний саналыг сонсож явъя гэдэг үүднээс Удирдах зөвлөлд багтаасан.
-Г.Уянга гишүүн та хоёрыг намдаа урьсан гэсэн. Түүний саналыг хүлээж авахад юу саад болов?
-Хугацаа тулсан. Г.Уянга гишүүнд ч хэлж байсан. Бидний зорилго бол нэг шүү дээ. Хэрэгжүүлэх арга замууд нь ялгарчихаад байгаа болохоос. Энэ удаагийн сонгууль нэг ялгаатай. Орон нутгийн сонгууль ИТХ-ын сонгуультай хамт болно. Тэгэхээр шинэ намд Баян-Өлгий, Ховд, Увсад ИТХ-ын 31 хүнтэй багаа бүрдүүлсэн шинэ нам байна уу гэвэл үгүй. Үлдэж байгаа долоон хоногт ийм өөрчлөлтийг хийх ямар ч боломж байхгүй. Г.Уянга бид нар Нэгдмэл Монгол-Бие даасан нам байгуулах гэж оролдсон боловч бүртгээгүй. Г.Уянга гишүүний нам бол Улаанбаатарын түвшинд л ажиллахаас өөр аргагүй байна.
-Ц.Даваасүрэн гишүүн дөрвөн жилийн өмнө намаасаа гарч байсан. Тэр үеэсээ хойш МАН өөрчлөгдсөн үү?
-Миний байсан үеэс өөр болсон. Намайг хөөсөн намын дарга нь ч одоо ажиллахгүй байгаа.
montsame.mn