Япон улсад сүүлийн 25 жилд болж байгаагүй хүчтэй далайн шуурга дэгдсэний улмаас 7 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтжээ. “Жеби” далайн шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн байна.
Тэгвэл уг хар хар салхинд монгол иргэд өртсөн эсэхийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад “Манай Консулын газраас тус улс дахь Элчин сайдын яамтай байнга холбоотой ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Япон улсад болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй бөгөөд өнөөдөр дахин мэдээллээ нэгтгэж байна. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газраас албан ёсоор бичгээр мэдээлэл гаргах болно” гэлээ.