МҮЭХ-ны салбар хороод Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, есдүгээр сарын 3-наас боловсролын салбарынхан ажил хаялтыг зарлаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ажил хаялт үргэлжилж байна. Өчигдөр ЗГХЭГ-ын Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан. Энэ уулзалтаар ямар асуудал яригдсан талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзоригоос тодрууллаа.
-Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уулзсан. Мөн салбарын сайдтай уулзаж, хэлэлцээр хийсэн гэсэн. Энэ уулзалтаар ямар асуудлыг ярив. Ажил хаялтыг зогсоох зөвшилцөлд хүрч чадсан уу?
-Засгийн газрын зүгээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагад аль болох яриа хэлцлийн замаар асуудлаа шийдвэл яасан вэ гэсэн саналыг тавьсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ажил хаях нь гол биш. Асуудлаа шийдүүлэх гол зорилго гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн. Мөн бидний зүгээс асуудал шийдсэний дараа бид тэмцлийн үйл ажиллагаа зогсооно гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа Засгийн газар хэлсэн. Харин салбарынхаа төвшинд болон Засгийн газрын төвшинд шийдэж болох юу байна гэдэг дээр дахин ажилцгаая гээд ажлын хэсэг байгуулсан. Бид ажлын хэсэгт ажиллана. Үр дүн гарсны дараа ажил хаялтаа зогсооно. Өнөө маргаашдаа ажлын хэсэг ажиллаад тодорхой зүйлүүдийг тохиролцсон тохиолдолд ажил хаялтаа зогсооно гэдэг шийдвэр дээр хүрээд явж байна.
-Тодорхой зүйл дээр тохиролцоонд хүрнэ гэж байна. Энэ нь ямар асуудлууд вэ. Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын цалин 50 хувиар нэмэх боломж байхгүй гэж байгаа?
-Бид дөрвөн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагын нэгэн төрийн алба хаагч олгох 300 мянганыг олгох хэрэгтэй. Энэ мөнгийг Засгийн газар улсын гурван талт хэлэлцээр дээр тусгасан байгаа. Мөн боловсролын салбар ялгаатай цалин нэмж байгаа болих хэрэгтэй. Бүгдийг нь адилхан 15 хувиар нэмнэ. Мөн ирэх оны төсөвт цалин яаж нэмэх гэж байгаа асуудлаар Үйлдвэрийн эвлэлийн байгууллагатай тохиролцоо хийгээч гэдэг шаардлагыг тавьж байна. Эдгээр шаардлагыг бүх талаас судалж үзсэн үндэстэн дээр тавьж байгаа. Энэ ажил хаялт хууль ёсны ажил хаялт. Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж ажил хаяхад хүргэсэн. Иймээс засгийн газар амласан амлалтаа биелүүлдэг байх хэрэгтэй. Хэлж ярьснаас буцаж иргэдийг төөрөгдүүлж байна. Одоо 2019 оны төсөв батлагдаад ирэхээр цалин нэмэн асуудал дээр бас бэрхшээл гарна. Иймээс энэ асуудлаа нэг мөр яриад шийдэх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байгаа.
-Өчигдөр сангийн сайд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Иймээс Засгийн газрын зүгээс цалин нэмэх боломж гэдэг байр суурийг илэрхийлсэн. Та бүхэн энэ асуудал ямар байр суурьтай байна вэ?
-Боловсролын салбарт ачаалал ихтэй нэг ангид хоёр ангийн хүүхэд явж байгаа. Байх ёстой стандартаасаа давсан ачаалалтай ажиллаж байгаа хүний ажлыг зөв үнэлэх хэрэгтэй. Иймээс энэ асуудал дээр ахиц гаргах хэрэгтэй гэсэн зарчмын байр суурь илэрхийлж байгаа. Хоёр багшийн ажлыг нэг багш хийж байна шүү дээ. Иймээс цалин жаахан гэсэн яагаад ахиулж болохгүй гэж. Асуудлыг шийдэх боломжтой байгаа. Сургууль цэцэрлэгийн багш нар үнэхээр их ачаалалтай 50-60 хүүхэдтэй харьцаж байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Багш нарын авч байгаа цалин амьдралын наад захын хэрэглээг хангаж чадахгүй байна шүү дээ.
-Ажил хаялт тав дахь өдрөө үргэлжил байна. Эцэг эхчүүд хувьд бухимдалтай байна. Хүүхдийн сурах эрхийг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага зөрчиж байна гэдэг асуудал яригдаж байна?
-Сурагчийн эрх ашиг хохирч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бид хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.