Илүүдэл жинтэй зорчигчид нислэгийн аюулгүй байдалд хүндрэл учруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Европын орнуудын нислэгийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагууд 10 жилийн өмнөөс зорчигчдын дундаж жинг тодорхойлж, эр хүйсийн нэг зорчигчийн дундаж жин өмссөн хувцас, гар тээшийн хамт 88 кг байх журам гаргаж байжээ. Харин эмэгтэй хүний дундаж жин 70 кг байх аж. Хэрвээ зорчигчдын дундаж жин заасан хэмжээнээс хэтэрвэл нисэх онгоцны хөөрөх гүйлтийн урт болон зогсох зурвас, нислэгийн тогтвортой байдалд хүртэл нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Европын зарим оронд жинтэй зорчигчдод тасалбар дээрээ нэмэгдэл үнэ төлөх, эсвэл шууд хоёр суудлын үнэ төлөх шаардлага тавигдах болжээ. Энэ санаачлагыг анх АНУ-ын агаарын тээврийн \”United Airlines”, Ирландын \”Ryanair”, Францын \”Air France” компаниуд гаргасан байна. Одоогоор үйл ажиллагаагаа зогсоосон Данийн \”Maersk Air” компани зорчигчдын овор хэмжээгээр суудал худалдаалах арга хэмжээ авч байгаа аж. Уг компанийн санал болгож буй үнэлгээгээр \”S-класс\”-ын зорчигчид ХL ангиллын зорчигчдоос зургаа дахин бага үнээр тасалбар худалдан авах боломжтой юм байна.
Узбекийн агаарын тээврийн \”Узбекистон хаво йуллари\” компани зорчигчдынхоо биеийн жинг шалгадаг болжээ. Энэ нь нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс авч байгаа арга хэмжээ аж. Уг арга хэмжээний зорилго нь зорчигчдын дундаж жин гар тээшийн хамт ямар байхыг тодорхойлох явдал бөгөөд Олон улсын агаарын тээврийн холбооны дүрэм журмын дагуу авч байгаа арга хэмжээ аж.
Канадын дээд шүүхийн шийдвэрээр илүүдэл жинтэй зорчигчид ганц тасалбараар хоёр хүний суудалд зорчих боломжтой болжээ. Энэ шийдвэр 2008 онд гарч байсан бол Их Британийн шүүх эсрэгээрээ, тарган зорчигчдод илүү үнэ төлөх журам үндэслэлтэй болох тухай шийдвэрийг 2012 онд гаргасан байдаг аж.
эх сурвалж: medee.mn