Японы парламентаар батлагдсан дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар гадаадаас ажилчин авах орнуудыг нэрлэсэн байна. Үүнд, БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба, Монгол Улс багтжээ. Эдгээр есөн оронтой ирэх оны гуравдугаар сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулах юм.
Шинэ хуулиар Япон улс хоёр төрлийн гадаадын ажилчдад үүд хаалгаа нээлээ. Япон хэл зохих түвшинд сурснаа нотолж чадсан ажилчид таван жилийн виз хүсэх эрхтэй болж байна. Гэхдээ гэр бүлтэйгээ хамт явахыг зөвшөөрөхгүй аж.
Харин мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчдын хувьд хугацааны хязгаарлалтгүйгээр визийг сунгах цаашлаад байнгын оршин суугчийн визэнд хамрагдах боломжтой. Хоёрдугаар төрөлд хамрагдах хүмүүс гэр бүлээ урих эрхтэй.
Түүнчлэн Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе гадаадын ажиллах хүчний тухай бодлогын баримт бичгийг мягмар гарагт баталлаа. Тус баримт бичгийн дагуу гадаадын ажилтнуудын тоог ирэх таван жилийн хугацаанд 345 мянгаас хэтрүүлэхгүй байхаар болжээ. Мөн засгийн газар цалин өндөр байдаг том хотуудад гадаадын ажилтнууд төвлөрөхөөс сэргийлж орон нутгийн бүсүүдийг дэмжих арга зам эрэлхийлэх юм.
Мөн кабинет ажиллах хүчний хомсдолтой 14 салбарт гадаадаас авах ажилтнуудын тоог тогтоох тусдаа баримт бичгийг баталжээ. Үүнд, өндөр настныг асрахад хамгийн өндөр буюу 60 мянга, хоол хүнсний салбарт 53 мянга, барилгын салбарт 40 мянга гаруй ажилтнуудыг гадаадын улс орнуудаас авахаар тусгасан байна.
Япон улс цагаачлалын бодлогын эсрэг хатуу байр суурийг баримталж ирсэн ч сүүлийн жилүүдэд төрөлтийн түвшин багасаж, насжилт ихсэж буйтай холбоотой гадаад ажилтнууд ийнхүү авах шаардлага тулгараад байгаа юм. Тухайлбал, Япон 2019 оны хувьд 600,000 ажилтан, ирэх таван жилийн хугацаанд 1.35 сая хүртэлх ажиллах хүчний хомсдолд орно хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Эх сурвалж: Гадаад хэргийн яам, BBC, Straits times