Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.09.14/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав \”Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчдог зарим улс орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь 8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулсан бөгөөд Монгол Улсын иргэд олноор зорчдог, оршин суудаг, Монгол Улсын нэгдэн орсон ялтан шилжүүлэх асуудлаарх олон улсын олон талт гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсуудын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын 5 иргэн БНЭУ-д гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл байдаг ч өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНЭУ-д болон БНЭУ-аас Монгол Улсад ял эдэлж буй иргэн байхгүй юм байна. Гэсэн хэдий ч эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Монголын тал 2015 оны 3 дугаар сард ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлжээ. Энэтхэгийн тал уг саналыг дэмжиж, ажлын шугамаар төслийг эцэслэн тохиролцсон болохыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Энэхүү гэрээний төсөл нь нийт 19 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр харилцах байгууллага, шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.