Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Гуравдугаар төрөх эмнэлэг буюу \”Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 000 эх төрж, 10 000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна. Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой болжээ. Харин \”Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлгийг өргөтгөснөөр 150 ортой болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг нь нярайд зориулан тохижуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.