Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс нуур багийн нутаг Баян нуруу хэмээх газар 15 орчим минутын хугацаанд их хэмжээний аадар бороо оржээ. Улмаар үер бууж нэг хүн амь насаа алдаж иргэд их хэмжээний хохирол амсаад байна. Тодруулбал, тус сумын малчин Ч-гийн хоёр гэр, дүнзэн болон чулуун байшин, жип болон УАЗ-469 маркийн автомашинууд үерт автаж сүйджээ. Мөн иргэн Б мотоцикльтэйгээ үерт урсаж амь насаа алдсан бол арав гаруй тооны ямаа үерт өртөж хорогдоод байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагаас хохирлын тооцоог гаргаж гэр оронгүй болсон малчдад болон хохирогчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж байна.
эх сурвалж: medee.mn