Ургац хураалтын ажлыг шуурхай удирдлагаар хангах, явцад гарах аливаа асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын оролцоог сайжруулах үүднээс Улсын ургацын комиссын энэ намрын анхны хуралдааныг ХХААЯ-наас зохион байгууллаа.
Хурлаар энэ оны ургацын урьдчилсан балансын танилцуулгыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, гангийн байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүн, ургац хураалтын технологийн зөвлөмжийн танилцуулгыг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баатарцол нар танилцууллаа. Мөн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас 9, 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээллээ.
ХХАА-н сайд, Улсын ургацын комиссын дарга Р.Бурмаа ургац хураалтын ажилтай холбогдуулан, ажиллах техникийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед техникийн шилжилт, хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх, ирэх жилийн тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний буудайн үрийн нөөц бүрдүүлэх, үрийн цэвэрлэгээг газар дээр нь шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн ариутгалд хяналт тавьж ажиллах, ургац тээвэрт ашиглагдах улсын чанартай авто зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг шалгаж тодруулах, засварын ажлыг шуурхайлахад онцгойлон анхаарч ажиллахыг комиссын гишүүдэд даалгалаа. Түүнчлэн хураалтын үед ашиглах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусгах, эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бүрдүүлэх, тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээгээр тогтмол хангаж ажиллахыг үүрэг болголоо.