Уг нь хөөрхий зөв л асуудлыг яриад байгаа юм. Гэхдээ эвлүүлж олонд хүргэхдээ муу юм уу гэж харагдаж байна. Тиймээс Баянхонгорчуудын төлөөлөл болсон гишүүндээ хэл ярианы зөв чиг олгох, зөв ярьж сурахад нь зориулж цагийн багш авч өгвөл ямар вэ гэсэн саналыг дэвшүүлж байна.
Нэгэнтээ л биднийгээ төлөөлөн төрд сууж байгаа хүн. Хил давж олон ч хурал, цуглаанд суух байлгүй. Зөв, цэгцтэй, оновчтой ярьж сурах хэрэгтэй биз дээ. УИХ-ын дөрвөн жил түүний хувьд харвасан сум шиг нисч өнгөрч байгаа байх. Цаашид сонгогдож, төр түмнээ төлөөлье гэж бодож байгаа бол ярих урлагт суралцах нь зүйтэй. Ийм яриа хөөрөөтэйгөөр хамгийн олон цаг буюу таслалтгүйгээр чуулганд суусан гишүүн байгаад ч яах вэ дээ. Ярьж чадахгүй таг түг гэсэн хүнтэй ажил ярих, төлөвлөх хэцүү биз дээ.
Тиймээс М.Билэгт гишүүнийг сайн улс төрч болгохын тулд хэл ярианы багш зайлшгүй шаардлагатай байна. Түүний туслахууд гэж “ажилгүй” нөхдүүд байдаг бололтой юм. Ядаж л хэлэх үгийг нь тэмдэглэж, бичээд, цэгцлээд өгчихөж болдоггүй юм байх даа гэж мөхөс би санаа зовинон сууна.