Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн тийш 40 км-т орших Өгий нуур орчим Урд мэргэн шанаа гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээлэл энэ сарын 4-нд 22:10 цагт Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ.
Уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь урьдчилсан байдлаар түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж мэдээлсэн байна. Галын улмаас 5-73 насны 12 иргэн түлэгдэж, 3 настай хүүхэд нас баржээ.
Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдрийн 13.33-18.20 цагийн хооронд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 10 иргэнийг тээвэрлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Мөн иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн Улаанбаатар хот руу явсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.