2016 оны долоодугаар сарын 22-нд \”Дархан-2” өртөөний замд гарсан ачааны галт тэрэгний осолтой холбоотой асуудлаар УТБЗ-аас мэдээлэл хийлээ.
Энэхүү ослоос үүдэж, хүний амь нас болон тээвэрлэж явсан ачаанд эрсдэл гараагүй, тухайн галт тэргэнд банз, модон материал, гуалин ачсан байж.
Ослын шалтгааныг хуулийн байгууллагаар шалгуулахад гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан тул осолдсон зургаан вагоныг холдуулж, 40 метр орчим зам эвдэрсэн байсныг 7.8 сая төгрөгөөр засварлан хэвийн ажиллагаанд оруулжээ.
Манай улс галт тэргийг 25 жилээр ашигладаг бөгөөд дээрх тээвэрлэлтэд явж байсан галт тэрэгний хувьд ОХУ-д 1980-1990 онд үйлдвэрлэсэн, 15-20 жилийн насжилттай аж. Мөн ачааны галт тэрэгний тохирох хурд 25 км/ц гэж заасан байдаг бол тухайн галт тэрэгний хувьд 20 км/ц-ийн хурдтай зорчиж байжээ.
Харин замын тухайд өнгөрсөн 2015 оны тавдугаар сард шинээр хүлээж авсан модон дэртэй зам бөгөөд одоогоор замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэх дүгнэлт гараагүй аж.
Өнөөдрийн байдлаар ослын нарийвчилсан шалтгааныг тогтоохоор ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсгийн дүгнэлт Зам тээврийн яамны сайдын тушаалын дагуу осол гарснаас хойш долоо хоногийн дараа гарах ёстой бөгөөд энэ дагуу ослын шалтгаан болон хохирлын талаарх нэгдсэн дүн мэдээ энэ сарын 29-ний өдөр гарна.