БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийсэн. Хөх хот бол БНХАУ-ын газар тариалан, техник технологи бүтээн байгуулалтын гол бүс нутаг. Харин Сэлэнгэ аймаг Монгол улсын газар тариалангийн гол түшиц газар юм.
Уулзалтын үеэр харилцан туршлага солилцох, арга туршлага судлах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, өсч дэвжих арга замыг нь нээх боломжтойг хоёр талын удирдлагууд онцолж байв.
Айлчлалын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурцгаасан юм.
Мөн Монгол Улсдаа ганц Хушаат сум дахь төмсний үр үржүүлгийн “Элит үр” ХХК-ий захирал С.Нямжав ӨМӨЗО-ны Шү Юань Кан биологи технологийн компаний ерөнхий захирал Ши Юй-тэй, Сүхбаатар сум дахь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сэлэнгэ шим” ХХК-ий захирал Д.Мөнхцэцэг ӨМӨЗО-ны Шэнь Мү Гао Кэ хөдөө аж ахуйн ерөнхий захирал Жан Жаван-тай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж хамтран ажиллаж, туршлага солилцохоор боллоо.
ӨМӨЗО-ны Хөх хотод дэлхийд 8 дугаарт эрэмбэлэгдэг сүүний үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн дэлхийд 10 дугаарт эрэмбэлэгддэг үйлдвэр ч байдаг аж.
Энэ үеэр Хөх хотын дарга Фэн Юйжэнь хэлэхдээ албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан аж ахуйн нэгжүүдээ салбартаа манлайлагч, улсдаа үнэлэгдэж танигдсан томоохон аж ахуйн нэгжүүд гэдгийг тодотгож байлаа.