Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын барилдаанд ес даван түрүүлж Монгол улсын аварга цолыг хүртсэн Э.Оюунболдын шинжилгээнээс дөрвөн төрлийн хориотой бодис илэрсэн болохыг бөхийн салбар хорооноос мэдэгдсэн.
Харин Монгол улсын аварга Э.Оюунболдын зүгээс тус шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан хэдий ч аваргын шүүхэд хандах хуулийн хугацаа өчигдрөөр дууссан. Үүнтэй холбогдуулан түүний аварга цолыг хураах эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
Тэрээр “Одоогоор энэ талаар Ерөнхийлөгчид ямар нэг албан бичиг ирээгүй, хүсэлт тавиагүй байна. Э.Оюунболдын цолыг хураах эсэх асуудал амар шийдэгдэхгүй. Яагаад гэвэл өмнөх парактикаас харахад шүүхээр явж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол Ерөнхийлөгчийн Тамгын газарт ханддаг. Тэгснийх нь дараа л бусад бөхөд цол нөхөж олгох эсэх тухай хэлэлцэх боломжтой. Өнөөдөр цол хураах бичиг ирээд, маргааш цолыг нь хураачихгүй. Маш удаан хугацаанд шийдэгддэг асуудал юм билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед гаргасан гомдол бүр сүүлд шийдэгдсэн жишээ бий. Түүнээс харахад Э.Оюунболдын допингтой холбоотой асуудал баталгаатай 2-3 жилийн дараа л шийдэгдэнэ.
Үндэсний бөх бол олимпын бус спортын төрөл. Гэтэл олимпын спортын төрөлд тавьдаг допингийн хяналтыг яагаад үндэсний бөхөд тавиад байгаа юм бэ гэж зарим хүн гайхдаг. Иймэрхүү асуудлаа МҮБХ өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүндрэлтэй байна” гэх тайлбар өглөө.