Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн төрлөөр үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний ганцаарчилсан төрлийн барилдаанууд өндөрлөсөн бол өнөөдөр /2019.09.01/ багийн барилдаанууд ийнхүү эхэлж байгаа юм.
Багийн барилдаанд нэг улсаас зургаан жүдоч хүч үздэг бөгөөд энэ удаад 14 улсын шигшээ баг оролцлоо. Монгол улсын баг тэмцээний D хэсэгт мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай багтжээ.
Хэсгийн эхний барилдаанаа БНХАУ-ын багтай хийж 4:3-ын харьцаатайгаар ялалт байгуулан шөвгийн наймд орох эрхээ авсан авсан юм. Хоёр улсын зургаан барилдаанд Г.Алтанбагана, О.Мөнхцэцэг, Ц.Цогтбаатар нар учраа бөхүүдээ ялж Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, М.Уранцэцэг нар ялагдал хүлээжээ. Зургаан жинд оноо тэнцсэн учир долоо дахь барилдаан гарах болсон байна. Энэхүү барилдаанд -70 кг-ийн жин тодорсон бөгөөд Б.Ганхайч дахин дэвжээнээ гарсан юм.
Нэмэлт барилдаанд эхэлж үнэлгээ авсан нь ялалтыг авдаг бөгөөд тэрээр эхэлж вазари үнэлгээ авснаар багтаа ялалтыг авчирсан юм. Ингэснээр Монгол улсын шигшээ баг хэсгийн аваргын төлөө ОХУ-ын багтай барилдах болсон. Харин энэхүү барилдаанд дэвжээнээ гарсан манай эхний дөрвөн бөх ялагдал хүлээснээр дагах хийхээр боллоо.
Дагах барилдаанд манай жүдочид Кубын багтай учраа таарлаа. Энэхүү учраанд Ө.Дүүрэнбаяр, Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар учраа бөхөө ялсан бол Л.Энх-Отгоны өрсөлдөгч гарч ирээгүй учир Монголын баг 4:1-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Эсрэг багийн нэг ялалтыг +70 кг-ийн жинд барилдсан Идалис Ортиз О.Мөнхцэцэгийг торгуулиар ялж авсан юм.