Токио хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан явагдсан бөгөөд Монгол улсын баг БНХАУ-ыг 4:3-аар ялж, ОХУ-ын багт 4:0-ээр ялагдсан. Харин дагах барилдаанд Куба улсын багийг 4:1-ийн харьцаатайгаар ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Дөнгөж сая манай жүдочид хүрэл медалийн төлөө Бразил улсын багтай барилдаж ялагдал хүлээлээ. Энэхүү барилдаанд Ө.Дүүрэнбаяр, Л.Энх-Отгон, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг нар ялагдсан бол Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана нар ялалт байгуулсан. Ингэснээр Бразил улс 4:2-ын харьцаатайгаар Монгол улсын багийг ялж холимог ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байгаа юм. Ийнхүү Монгол улсын жүдо бөхийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ийг М.Уранцэцэгийн хүртсэн хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин нөгөө хүрэл медалийг хэсгийн барилдаанд манай багийг ялсан ОХУ-ын баг Азербайжан улсын багийг 4:1-ийн харьцаатайгаар ялж хүртсэн. Тэдний хувьд ийнхүү хоёр жил дараалан холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний алтан медалийн төлөө Япон, Франц улсын багууд барилдсан. Энэхүү барилдаанд Япон улсын баг 4:2-ын харьцаатайгаар ялалт байгууллаа. Ингэснээр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй холимог багийн ДАШТ-д Япон улс гурав дахь удаагаа Дэлхийн аварга хэмээх цолыг хүртэж байна.