Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Бага нуурын эрэг орчмоос 30 орчим усны шувуу үхсэн байдалтайгаар олджээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Эдгээр шувуудад бор галуу, цахлай, алаг нугас байсан байна.
Энэхүү мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс 08.31-ний өдрийн 08:00 цагт хуралдаж, шуурхай ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэгт багтсан Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2 хүн өчигдөр үхсэн шувуудаас дээж авч, шинжилгээнд хүргүүлэхээр бэлдсэн байна. Мөн үхсэн шувуудыг устгалд оруулж, тус бүс нутагт ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.