Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр бараалхсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж, энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах манай талын саналыг ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, Монголоор дамжуулан тавих асуудлыг хариуцсан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах санал тавьсан байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргаж, тооцоо судалгаа хийж ажиллахыг уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүст даалгалаа.