Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Катар-2022 ДАШТ, Хятад-2023 ААШТ-ий урьдчилсан шатны эрх олгох хэсгийн тоглолтуудыг хийх эрхтэй болсон билээ. Тэгвэл өнөөдөр 17.00 цагт хөлбөмбөгчид маань Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайдаа хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын эсрэг хийх гэж байна.
Энэхүү хоёрдугаар шатанд тоглох эрхийг Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Брунейн багийг хожиж өвөртлөсөн бөгөөд анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт хийх эрхтэй болоод байгаа юм. Манай баг урьдчилсан шатны хэсгийн тоглолтонд эзэн багаар гурав, зочин багаар нэг тоглолт хийх юм. Тэдний дараагийн тоглолт есдүгээр сарын 10-нд Тажикистан, аравдугаар сарын 15-нд Кыргызстаны шигшээ багтай өөрийн талбайдаа тоглох бөгөөд ирэх онд Япон улсын багтай зочины хувиар тоглох юм.
Үндэсний шигшээ багийн тоглолтуудаас гадна 09-р сарын 14-22-ны хооронд Вьетнам улсад өсвөрийн баг тамирчид Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Монголын 16 хүртэлх насны баг Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай “H” хэсэгт багтаад байгаа.
Харин Монголын 19 хүртэлх насны шигшээ 11-р сарын 06-10-ны хооронд мөн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Япон, Вьетнам, Гуамын багуудтай Вьетнамын талбайд хүч үзэх болно.