Нийслэл хотын замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор \”Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг баталсан. Энэхүү тогтоолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр \”хүчин төгөлдөр бус” болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрөөс эхлэн дугуй түгжих үйлчилгээг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Тэрээр \”Дугуй түгжих нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэж байна. Дэлхийн хотуудад дугуй түгжих үйлчилгээг явуулахдаа хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас холдуулж, тусгай зогсоолд хүргэсний дараа дугуйг нь түгжиж, захиргааны арга хэмжээ авдаг. Харин нийслэл хотод дугуй нь түгжигдсэн тээврийн хэрэгслийг жолооч, цагдаа нар замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас гаргах ямар ч боломжгүй байна. Наймдугаар сарын дундаас эхлээд хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ үйлчилгээг зогсоох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.