Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Екатеринбург хотноо эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ олимпийн шинэчилсэн жингээр явагдаж байгаа бөгөөд 78 орны 365 тамирчин найман жинд хүч сорьж байгаа юм.
Монгол улсаас долоон боксчин дэлхийн дэвжээнд гарах бөгөөд хамгийн түрүүнд 75 кг-д тоглож буй Д.Давааням өнөөдөр Узбекистаны Ф.Кахрамоновтой тоглоно.
Тэгвэл маргааш 81 кг-ийн жинд Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовтой, 91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалектай эхний тоглолтоо хийхээр сугалаа таарчээ.
Харин хөнгөн жинд тоглох дөрвөн боксчин маань бүгд эхний даваанд гоц мөргөсөн байна.
Тэднээс 52 кг-ийн жинд тоглох ОУХМ Х.Энхмандах есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой, 57 кг-ийн ОУХМ Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн боксчдын хэн хожсонтой нь, 63 кг-д жингийнхээ дөрөв дэх чансаатай ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд Палестин-Хятадын хэн ялсантай нь, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн ялсантай нь эхний тоглолтоо хийхээр болжээ.