ОХУ-ын Свердловск мужийн төв Екатеринбург хотноо сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, ОУХМ Э.Цэндбаатар өчигдөр медалийн төлөө тоглолоо.
Тус тэмцээний 57 кг-н жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар нь хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Европын АШТ-ий алт, хүрэл, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын мөнгөн медальт Ирландын боксчин К.Волкертэй өчигдөр (2019.09.18) тоглож 5:0-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ийнхүү хүрэл медалийн болзол хангаад буй Э.Цэндбаатар маргааш (2019.09.20) Узбекстаны боксчин Миразизбек Мирзхалиловтой тоглохоор болж байна.