Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, жендэр-хүний эрхийн сургалтыг 20 дахь аймагт буюу Сүхбаатар аймагт 2019 оны 09 дүгээр сарын 23-25-нд зохион байгуулж, ажиллаж байна.
Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах, удирдах албан тушаалтнуудын жендэр-хүний эрхийн мэдлэг, ойлголт, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг дахь төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт явуулахын зэрэгцээ аймаг тус бүрт хяналт шалгалтыг хийж байна.
Хууль тогтоомжид заасан зүйл заалтууд төрийн байгууллагуудын дүрэм журамд тусгалаа олсон эсэх, ажил олгогчийн зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс ангид байх орчинг бүрдүүлсэн эсэх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж ХЭҮК-ын Ажлын хэсэг хяналт шалгалтыг аймаг бүрт 10 гаруй байгууллагад явуулж байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Шаардлагыг тухай бүрт хүргүүлж, аймгууд эхнээсээ уг шаардлагыг биелүүлсэн талаарх хариуг ирүүлсээр байгаа билээ. Жендэр-хүний эрх сургалт, хяналт шалгалтын ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.