Хүндийн өргөлтийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Паттаяа хотноо энэ өдрүүдэд үргэлжилсээр байна. Монгол улсын шигшээ багийн хувьд энэ удаагийн ДАШТ-д дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчнаа илгээсэн билээ.
Одоогоор эмэгтэйчүүдийн 55 кг-ын Ч.Нямзул, эрэгтэйчүүдийн 67 кг-ын Э.Мөнхдөл нар тэмцээнээ дуусгаад байгаа юм. Тэгвэл өчигдөр 64 кг-ын жинд оролцож буй Оюутны ДАШТ-ий мөнгө, өсвөрийн ААШТ-ий мөнгөн медальт Г.Анужин өргөлтөө хийлээ.
Тэрээр С группт багтсан бөгөөд огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 103 кг-ыг өргөсөн бөгөөд нийлбэр дүнгээр 190 кг-ыг өргөж, 31-рт жагсчээ. Энэхүү жинд 42 тамирчин өрсөлдсөнөөс өнгөрсөн олимпийн аварга, дөрвөн удаагийн Дэлхийн аварга Хятадын Дэн Вей нийлбэр дүнгээр 261 кг өргөж, дэлхийгээс тав дахь түрүүгээ хүртсэн байна.
Одоо манай туйванчдаас Э.Билэгсайхан, дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг нар үлдээд байгаа бөгөөд тэд маргааш болон нөгөөдөр өргөлтүүдээ хийнэ.