Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр (2019.10.01) 10 цаг 14 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна.
Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна хэмээлээ.
Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатайг онцоллоо.
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 01-ний өдрийн Мягмар гарагт 15.00 цагаас:
• Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
• “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.