Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр АШУҮИС-ын харьяа Монгол япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх ёслол болж өнгөрлөө. Үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд, ЭМЯ-ын дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Япон улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока, хүндэт зочид төлөөлөгчид, ЖАЙКА-гийн төв байгууллага болон Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамт олон Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан залуус уригдан оролцов.
Монгол Улсын хамгийн анхны Их Сургуулийн Эмнэлэг гэдэг нэр хүндээ өндөрт өргөж, хүн амд эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, өндөр чадамжтай эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргах энэхүү эмнэлэгт нийтдээ 500 гаруй ажилтан ажиллан, Их сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нар маань мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэх мэт нийтдээ 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол улсын нийт хүн амд үзүүлэх юм.
Монгол-Японы Сургалтын эмнэлэгийн амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд улсын хэмжээнд лавлагаа түвшний тусламж үйлчилгээ, БЗД-ийн дөрвөн хороонд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм Мөн МЯСЭ нь амбулатори, радиологийн төв, дурангийн төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж, мэдрэл дотор, хүүхдийн эмгэг судлалын тасгуудыг 11 сард, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тасгуудын үйл ажиллагааг ирэх оны 1 сараас эхлүүлж, бүрэн хүчин чадлаараа ажиллах болно.