Монголын хуульчид дотоод асуудлаа ярилцахаар тун удахгүй хуралдах гэж байна. Хоёр жилд нэг удаа хуралддаг тэд энэ жил ээлжит их хурлаа зарлан хуралдуулна. Үүнээс өмнө салбар нэгжүүдийн хурлууд зохион байгуулагдаж, их хуралд өргөн барих асуудлаа хэлэлцэж байна.
Монголын Хуульчдын холбоо байгуулагдсанаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд байсан зарим асуудлууд хуульчдын мэдэлд шилжсэн. Тухайлбал, хуульчдын шалгалт, хуульчийн эрх олгох, хуулийн Их, Дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх, хуульчдын ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдааг дотооддоо шийдвэрлэх, зөрчил гаргасан нь тогтоогдвол хуульчийн эрхийг хасах зэрэг олон эрх мэдэл Монголын Хуульчдын холбоонд ирсэн юм.
Тиймээс энэ удаагийн Их хурлаар мэргэжлийн нэр хүндийг унагаж, ёс зүйн алдаа дутагдал гаргаж буй хуульч, өмгөөлөгчдөдөө энэ мэдлийн хүрээнд хариуцлага тооцно гэж харж байна. Хуульчид ч үүнийг хүсч байгаа. Тодруулбал, Г.Батбаяр нарын өмгөөлөгчид бусдыг дарамталж, олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож буй дүрс бичлэг цацагдсан. Үүнтэй холбоотойгоор хуульч, өмгөөлөгчдийн нэр хүнд ихээр унаж байгаа. Тиймээс салбарынхаа нэр хүндийг аврахын тулд ёс зүйн доголдолтой эдгээр хүмүүст хариуцлага тооцох асуудлыг удахгүй зохион байгуулагдах Их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэнэ гэж эх сурвалжууд мэдэгдэж байна.
Салбар бүрт их цэвэрлэгээ хийгдэж байна. Хуульчид ч бас цэвэрлэгээнээс юугаараа дутах вэ?