Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Салхитын мөнгөний орд”-той холбогдуулан 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа билээ.
Одоогоор эдгээр шүүгчдийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдоод байгаа болохыг албаныхан хэлж байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн дахин нэг гавьяат хуульч болон түүний хүү нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээллийг өмнөх дугаартаа хүргэсэн. Тэгвэл уг хэрэгт гавьяат хуульч, ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх баримт байхгүй, нотлогдоогүй байгаа аж. Ямартай ч шалгалтын ажиллагаа эхэлсэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээх хариу өгч байна.
Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.