Өнгөрөгч пүрэв гаригт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Анкара хотноо Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдогантай уулзан “Туркийн тал галаа зогсоовол нэмэлт хориг тавихгүй” гэх тохиролцоонд хүрсэн байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Анкараг цэргийн ажиллагаагаа бүрэн зогсоосон тохиолдолд тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг бүрэн цуцлахаа мэдэгдсэн юм.
Хоёр талын уулзалтын дараа Д.Трамп “Энэхүү уулзалтаас маш том эерэг үр дүн гарч олон сая хүний амь нас аюулгүй болсон” хэмээн твиттер хуудаснаа бичжээ.
Энэхүү гэрээг байгуулснаар Туркийн тал “Энхийн хавар” цэргийн ажиллагаагаа 120 цагийн туршид зогсож байгаа бөгөөд энэ хугацаанд Курдын цэргүүд Сирийн хойд хилээс 32 км-ийн зайд орших газар нутгийг чөлөөлөх үүрэг хүлээж байгаа юм. Мөн энэхүү ажиллагаанд Турк цэргүүд голлох үүргийг хүлээж байгаа аж.
Харин гэрээний таван өдрийн хугацаанд АНУ Анкарагийн талд ямар нэгэн нэмэлт хориг тавихгүй бөгөөд галаа бүрэн зогсоосны дараа Вашингтон одоогийн бүх хоригоо цуцлана гэдгээ амласан байна.
Гэвч Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллагаас пүрэв гарагт гал зогсоох шийдвэр гарсны дараа ч хил орчмын тосгонд мөргөлдөөн үргэлжилсээр байна хэмээн мэдээллээ.